Сагсан бөмбөгөөр хичээллэхийн ач холбогдол
Эцэг эхчүүд та хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд санаа зовсон хэвээр байна уу? Танд туслах зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна. Аливаа спорт нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд хүүхэд залуусд сонирхолтой, хөгжилтэй төдийгүй тухайн спортоор дамжуулан олон чадварыг олж, төлөвшиж байдаг. Сагсан бөмбөг нь дэлхий өнцөг булан бүрт өргөн тархсан, хүүхэд залуучуудын дуртай спортын нэг юм. Сагсан бөмбөгөөр тоглож байгаа тоглогчоос ихээхэн ур чадварыг шаардана. Жишээлбэл тоглогчоос маш хурдан бөмбөг дамжуулах, бөмбөг залах, үсрэх, хамгаалалт хийх гэх мэтчилэн олон төрлийн хөдөлгөөн, авхаалж самбааг шаарддаг. Энэ хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн эрүүл мэнд, сэтгэн бодох үйл ажиллагаа, зан араншинд эерэг өөрчлөлтүүд гарч байдгыг судлаачид хэдийнээ нотложээ.
Сагсан бөмбөгөөр хичээллэх нь дараах эрүүл мэндийн ач холбогдолтой юм.
- Ачаалал даах чадварыг сайжруулах
- 1 цаг тоглоход дунджаар 630-750 калори зарцуулах буюу илүүдэл жинг арилгах
- Тэсвэр сайжруулах
- Биеийн тэнцвэр, хөдөлгөөний эвсэл сайжруулах
- Аливаа зүйлд дүн шинжилгээ өгөх, хувийн сахилга бат сайтай болох
Бусад ач холбогдол
- Спортоор дамжин олон найз нөхөдтэй болох
- Бүх насныхан хамрах боломжтой
- Жилийн бүх л улирал тоглох боломжтой
Сагсан бөмбөгийн спорт нь шууд контакттай спортын төрөлд багтах ба энэ нь гэмтэл бэртэл авах эрсдэл ихтэй.
Дараах гэмтлүүд сагсан бөмбөгөөр хичээллэгсдэд зонхилно. Үүнд:
- Доод мөчний ялангуяа шагайн үений холбоосын суналт
- Гар, хуруу гэмтэх
- Толгой, нүүр, шүдээ гэмтээх
- Өвдөгний гэмтэл (ялангуяа эмэгтэй тоглогч)
- Ачааллаа хэтрүүлсэнтэй холбоотой гэмтлүүд
Гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Орчны аюулгүй байдлыг хангах
- Хамгаалалтын хэрэгсэл өмсөх
- Өрсөлдөөнт тоглоомд өөрийн аюулгүй байдлыг хангах
- Тоглохоос өмнө заавал бие халаалт, сунгалтын дасгал хийх
- Тоглож дуусаад хөргөлт, сунгалтын дасгал хийх
Хэрвээ гэмтсэн тохиолдолд дараах яаралтай тусламжийн аргыг хэрэглээрэй. 1. Гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгах, биеийн жинг хөл дээр авахаас зайлсхийх. тоглоомыг зогсоох 2. Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавих. Хүйтэн жинг 1 удаа 15 минутаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. 3. Гэмтсэн хэсэгт даралттай боолт хийх. Энэ нь гэмтлийн шалтгаант хаван үүсэхээс урьдчилан сэргийлнэ. 4. Гэмтсэн хөл гарыг зүрхний түвшнээс дээш сойх. Хөл гэмтсэн бол орон дээр хэвтэн хөлийг өндөрлөх. Үүний дараа гэмтэлийн эмч, сэргээн засахын багт хандан эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.